
Газар тариалангийн зөвлөх үйлчилгээний баг Говь-Алтай аймгийн 13 сум, 2 тосгонд ажиллаа.
Аймгийн “Газар тариалан, жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын баг Дэлгэр, Гуулин,Тайшир, Жаргалан, Дарив, Баян уул, Шарга, Халиун, Бигэр, Чандмань, Цогт, Баянтоорой, Алтай, Бугат, Есөнбулаг сумдад газар тариалангийн өнөөгийн байдал, услалтын системийн ашиглалт түүний эзэмшилт, техник тоног төхөөрөмж, ажиллах хүч, хамтын зохион байгуулалт, хэтийн төлөвийн суурь судалгааны ажлыг хийв.
Зөвлөх үйлчилгээний багт, багийн ахлагч ХААИС-ийн багш доктор Б.Мөнхбат, доктор Ш.Баранчулуун, доктор Ж.Очир нар ажиллав.
Зөвлөх үйлчилгээний баг сумдад ажилласнаар тус аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн хөгжлийн хоцрогдлыг арилгахын тулд техник технологийн эрс шинэчлэл хийх, услалтын системүүдийн эзэмшлийг орон нутгийн эзэмшилд авах, тариалангийн талбайн эзэмшлийг цэгцлэх, агропаркын шинэчлэл хийх, хүлэмжний цогцолбор аж ахуй байгуулах, уламжлалт жимс, жимсгэнийн үйлдвэрлэлийг хуучин тариалж байсан сумдыг түшиглэн сэргээн хөгжүүлэх, дэвшилтэт усалгааны аргыг уламжлалт аргатай хослуулан хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжсэн МАА-тай хослуулах ажлыг эрчимжүүлэх, орон нутагт байгаа нөөцийг ашиглан хөрсийг бордох боломж, ойн зурвас байгуулах, тариалангийн талбайг хашиж хамгаалах зэрэг асуудлаар үнэт зөвлөгөөг өгч цаашид хийх ажлыг төлөвлөв.