Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой төрөл бүрийн ан амьтан элбэгтэй нь гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн юм.
САЛБАРТ ЖЕНДЭРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

САЛБАРТ ЖЕНДЭРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

 ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ЖЕНДЭРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО (2018-2025)

Энэхүү бодлогын баримт бичгийг Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банк, Япон улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн Жендэрийн зөвлөх багийн дэмжлэгээр боловсруулав.

Нэр томьёоны товч тайлбар

1. Ажил-ар гэрийн амьдралын тэнцвэр: Эмэгтэй, эрэгтэй ажиллагсдын гэр бүлийн үүрэг хариуцлагыг анхаарч тооцоогүй бодлого төлөвлөлт нь эмэгтэйчүүдийг ажлын байрандаа ахиж дэвшихэд садаа болж, цалин хөлс багатай, баталгаагүй ажил руу түлхдэг ба харин эрэгтэйчүүдийг гэр бүлийнхээ амьдралд оролцох боломж, чадварыг нь хязгаарлан эрүүл мэндийн эрсдлийг нь ихэсгэдэг. Тиймээс хөдөлмөр эрхлэлт болон гэр бүлийн үүрэг хариуцлагыг зохистойгоор хослуулж ажил-ар гэрийн тэнцвэрийг хангах нь жендэрийн тэгш байдлыг хангах үйл явцын нэгэн хэсэг болж байна.

2. Жендэрийн дүн шинжилгээ: Бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа нийгмийн янз бүрийн бүлгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрэгцээнд суурилсан эсэхийг, оролцох болон үр ашиг хүртэх тэгш боломжийг тэдэнд бий болгож байгаа эсэхийг үнэлэн судалж, анхаарч тооцох үйл явц юм. Үүнд зөвхөн хүйсээр ангилсан мэдээлэл бус, бодлогын дүн шинжилгээ, чанарын судалгааны аргуудыг хослуулан ашигладаг.

3. Жендэрийн мэдрэмж: Эмэгтэй, эрэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг, мөн тэдний хөгжлийн үйл явцад оролцох болон үр шимийг нь хүртэхэд хязгаарлалт болж буй хүчин зүйлсийг анхаарч тооцох хүсэл эрмэлзэл, мэдлэг, чадварыг тодорхойлсон ойлголт.

4. Жендэрийн статистик: Хүйсээр ангилсан мэдээллийг цуглуулах, нэгтгэх, шинжлэх, бодлого төлөвлөлтөд ашиглах замаар жендэрийн тулгамдсан асуудлыг илүү тодорхой ойлгох, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг тооцох арга хэрэгсэл.

5. Жендэрийн тэгш байдал: Эмэгтэй, эрэгтэй хүмүүс нийгэмдээ болон хувийн амьдралын хүрээндээ эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэл, оролцоотой байж, хөгжлийн үйл явцад оролцох болон үр шимийг нь хүртэх тэгш боломжоор хангагдсан байдал.

6. Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд нэгтгэх (Gender mainstreaming): Аливаа бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа, түүний дотор хууль тогтоомж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт эмэгтэй, эрэгтэй хүмүүст, нийгмийн бүлгүүдэд ялгаатай нөлөөлөх байдлыг анхаарч тооцох, тэдний ялгаатай хэрэгцээ болон мэдлэг туршлагыг эн тэнцүү үнэлж, анхаарах үйл явц, стратеги.

7. Жендэрийн хэвшмэл ойлголт: Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн шинж төрх, байр суурь, гүйцэтгэх үүргийн талаарх хувь хүмүүсийн ялгаатай байдал, цаг хугацааны явц дахь өөрчлөлтийг үл тооцсон хялбаршуулсан ойлголт төсөөлөл, явцуу итгэл үнэмшил, хүлээлт. Хэвшмэл ойлголт нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн, нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг бодлого төлөвлөлтөд анхаарч тусгахад садаа болж, шударга бус хандах, аливаа шударга бус байдлыг зөвтгөхийн үндэс болж байдаг.

8. Жендэрийн хяналтын хуудас: Төрийн үйлчилгээ, төслийн үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангасан байдлыг бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт үнэлгээний бүх шатанд үнэлэх зорилгоор тусгайлан боловсруулсан асуултууд буюу үзүүлэлтүүдийн жагсаалт бүхий хяналтын арга хэрэгсэл.

9. Жендэрийн шалгуур үзүүлэлт: Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх тоон болон чанарын үзүүлэлтүүд. Жендэрийн шалгуур үзүүлэлтүүд нь үйл ажиллагааны үр дүнд хувь хүмүүст, айл өрхөд ямар ахиц дэвшил гарч байгааг харахад тусална.

10. Хүйсээр ангилсан мэдээлэл: Хүнтэй холбоотой аливаа статистик мэдээллийг хүйсээр, мөн нас, албан тушаалын зэрэглэл зэрэг холбогдох бусад үзүүлэлтээр ангилан цуглуулж, тайлагнах нь жендэрийн дүн шинжилгээ хийх, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх эн тэргүүний алхам юм. Мөн салбар, байгууллагын үйл ажиллагаанд бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмж, эмэгтэй, эрэгтэйчүүдийн оролцооны дүр зургийг гаргахад хүйсээр ангилсан мэдээлэл тусална.


Өмнөх үг

Жендэрийн тэгш байдал нь хөгжлийн үйл явцад оролцох болон үр шимийг нь хүртэх боломжийг эмэгтэй, эрэгтэй хүмүүст, нийгмийн бүлгүүдэд тэгш бүрдүүлэх тухай ойлголт бөгөөд өнөөдөр Тогтвортой хөгжлийн зорилго 2030-ийн “хөгжлийн явцад хэнийг ч үл орхигдуулах” зарчмыг хэрэгжүүлэх арга зам болж байна. Төрийн үйлчилгээ, доноруудын дэмжлэг тусламжийг аль болох хүртээмжтэй, үр өгөөжтэй байдлаар хэрэгжүүлэхийн тулд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн харилцан адилгүй үүргээс үүдэлтэй ялгаатай хэрэгцээг анхаарч тооцох, тэдэнд тулгарч буй саад бэрхшээлийг судлан шинжилж, бодлого төлөвлөлт, төсөвлөлт, тэдгээрийн хэрэгжилт болон хяналт үнэлгээнд ашиглахад жендэрийн онол, арга зүй өнөөдөр тусалж байна.

Бүх насны эмэгтэй, эрэгтэй ажиллагсдыг аливаа ялгаварлан гадуурхал, шударга бус хандлагаас сэргийлсэн ажлын орчин нөхцлийг бүрдүүлэх, ялгаатай хэрэгцээг анхаарч ажил-ар гэрийн амьдралын тэнцвэрийг хангах нь байгууллагын хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувь хүний, гэр бүлийн хөгжлийг дэмжих арга зам юм. Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт нь ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх, бүх түвшинд түншлэл, хамтын ажиллагааг сайжруулахад нөлөөлдөг.

Монгол Улс нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 оноос баталж, хэрэгжүүлэх тогтолцоог үндэсний болон аймаг, дүүргийн түвшинд бүрдүүлэн ажиллуулснаар бүс нутагтаа үлгэр жишээ, сайн туршлага болж байна. Монгол Улс дахь жендэрийн нөхцөл байдалд үндэслэн боловсруулж, 2002-2016 онуудад хэрэгжүүлсэн Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр болон 2017-2021 онд хэрэгжиж буй шинэ хөтөлбөрт эмэгтэй, эрэгтэй хүмүүст тулгамдаж буй асуудал, тэдний ялгаатай хэрэгцээг эн тэнцүү хэмжээнд анхаарч шийдвэрлэх хандлагыг баримталж байна. Гэвч жендэрийн тэгш байдлыг хүйсийн харьцаа төдийгөөр, эсвэл эмэгтэйчүүдийн асуудал мэтээр төсөөлөх байдал оршсоор, жендэрийн онол, арга зүйг бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, хяналт үнэлгээнд ашиглах ур чадвар дутмаг хэвээр байна.

Монгол Улсын ажиллах хүчний талаас илүү хувийг хамарч буй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь жендэрийн талаар баримтлах бодлогыг үйл ажиллагааныхаа онцлогт нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн нь салбарын байгууллагуудын хүний нөөцийн хөгжилд төдийгүй өргөн уудам нутагт ажиллаж амьдарч буй эмэгтэй, эрэгтэй нийт хүмүүст үр өгөөжтэй билээ. Энэхүү жендэрийн бодлого нь мөн малчид, газар тариаланчид, хөнгөн ба хүнсний үйлдвэрт ажиллагсдад тулгамдаж буй асуудлыг шийдэхэд салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагааг идэвхижүүлэх, олон улсын түвшинд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг болно хэмээн найдаж байна.

Жендэрийн зөвлөх баг

Илүү дэлгэрэнгүйг мэдээллийг энд дарж үзнэ үү 

 http://mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2018a64.pdf